Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

Сэтгүүлч: Ковид 19-ийг хөнгөн тусаад эдгэрээд гарсны дараа бүрэн эдгэрсэн гэдгээ яаж мэдэх вэ?

Эмнэлгээс гараад гэртээ 7 хоног тусгаарлагдсны дараа нийгмийн харилцаанд ороход бусдад халдвар түгээх эрсдэл байгаа юу? 

ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн: Ямар ч өвчний хувьд тухайн өвчин эмнэлзүйн жамаараа яваад өвчний төгсгөл нь эдгэрэх, эсвэл архагших, нас барах гэсэн үр дүнтэйгээр дуусдаг. Ковид 19 өвчний хувьд хөнгөн туссан байна гэдэг маань энэ өвчин эмнэлзүйн жамаараа яаж явагдах вэ гэвэл та өнөөдөр халдвар авлаа гэж бодоход дунджаар 4-5 хоногийн дараагаас өвчний нууц үеийн хугацаа дуусч, шинж тэмдэг илэрч эсвэл шинж тэмдэг илрэхгүйгээр явж байгаа маш олон тохиолдол бий. Нууц үеийн хугацаа дуусна гэдэг нь та бусдад их хэмжээгээр халдвар тараах эрсдэл маш өндөр байгаа гэсэн үг. Ерөнхийдөө судалгаануудаас харахад ковид 19 -өөр өвчилсөн хүмүүсийн бусдад халдвар тараах хугацаа дунджаар 10 хоног байгаа. Бид эдгээр хоногийг тооцож Эрүүл мэндийн сайдын батласан эмнэлзүйн заавар журмынхаа дагуу хөнгөн туссан өвчтнүүдийг дунджаар  14 хоног ажиглан эмчилж байгаад гаргаж байгаа. 14 хоног байлгадаг учир нь эмнэлзүйн жамыг бүрэн гүйцэд явуулаад тухайн хүнийг халдваргүй болсных нь дараагаар эмнэлгээс гаргаж байна.

Эмнэлгээс гараад гэртээ 7 хоног тусгаарлагдны дараагаар PCR шинжилгээ хийхэд эерэг гарч болно. Энэ нь тухайн хүн өвчтэй байгааг илэрхийлэхгүй. Энэ PCR шинжилгээ нь вирусийн үржих боломжгүй хэлтэрхий эдгэрснийх нь дараа цусаар эргэлдэж байгааг хүртэл илэрхийлэх чадвартай маш мэдрэг, өвөрмөц чанар өндөртэй, өндөр түвшний шинжилгээ юм.

Эдгэрсэн хүний цусанд ерөнхийдөө 14-21 хоног хоногийн хугацаанд вирусний үржих чадваргүй, халдварлах чадваргүй хэлтэрхийнүүд эргэлдэж байдаг.  Үүнийг барьж авах боломжтой. Тийм ч учраас бид нар эмнэлгээс эдгэрээд гарсан хүмүүсээ шинжилгээ хийлгэхийг зөвлөхгүй байгаа. Албан газрууд, үйлчилгээний байгууллагууд маань үүнийг ойлгож эмнэлгээс эдгэрээд гарсан хүнээс PCR шинжилгээг шаардахгүй байх хэрэгтэй" гэлээ.