Цаг үеийн мэдээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн  хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас 21 аймгийн эмзүйчдэд “Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтыг сайжруулах нь” сэдэвт 2 өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтыг АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар, ЭМЯ, ДЭМБ-ийн мэргэжилтнүүд болон ЭЭХХЗГ-ын удирдлагууд заалаа.

​Эм, эмнэлгийн хэрэгслийн, хяналт зохицуулах газрын дарга Б.Цэцэгсайхан хэлэхдээ: "Агентлаг байгуулагдснаас хойш анх удаа 21 аймгийнхаа эмзүйчдэд зориулж сургалт зохион байгуулж байна. “Covid-19” цар тахлын хүнд үеийг давж, ачааны хүндийг үүрч ажилладаг эмзүйч нартайгаа уулзаж, санаа бодлыг нь солилцож, тулгамдаж байгаа асуудлууд, цаашид юун дээр анхаарах вэ, үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулахад ямар асуудал байна вэ гэдгийг хэлэлцэж, шийдлүүдээ ярилаа. Ирэх жил эрүүл мэндийн салбарын хувьд хамгийн чухал хууль хэлэлцэнэ. Хуулинд орон нутгаас заавал оруулах, тулгамдаж байгаа асуудлууд, хууль эрхзүйн хүрээнд шийдэх зүйлсийг өнөөдөр ярьснаараа ач холбогдолтой юм” гэлээ.

​Сургалтаар эмийн эргэлтийн сан, сумын эмийн сан болон эмийн хангамж, чанар аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр эмзүйчдээс мөн санал авлаа.

Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж үйлүчилгээний дарга, эмзүйч Ж.Тунгалаг сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр: -Энэ сургалт маш онцлог, цаг үеэ олсон сургалт болж байна. Бидэнд сургалтад суух хэрэгцээ шаардлага маш их байсан. Агентлаг маань эрдэмтэн багш нар уриад сургалт заалгаж байгаад баяртай байна” гэлээ.

​Түүнчлэн эмийн чанар, аюулгүй байдал, хангамжийн асуудлыг оновчтой зохион байгуулахад орон нутгийн түвшинд ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг чадваржуулах, орон нутгийн мэргэжилтнүүдийн саналыг цаашдын төлөвлөгөөнд тусгаж ажиллахад чухал ач холбогдолтой сургалт боллоо гэдгийг оролцсон хүмүүс онцолж байлаа.