Цаг үеийн мэдээ

ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сан хамтран Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын дэмжлэгээр Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээний бэлэн байдалд хийсэн хөндлөнгийн үнэлгээний үр дүнг танилцуулах хурал өнөөдөр /2023.06.16/ боллоо. 

ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, ДЭМБ-ынхан, судлаач эрдэмтэн мэргэжилтнүүд, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд оролцсон уг хурлыг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг үг хэлсэн.

Тэрбээр үгийнхээ эхэнд ЭМЯ-ны санаачилга, хүсэлтийг хүлээн авч Жендэрт суурилсан хүчирхийллийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлын үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан НҮБ-ын Хүн амын сангийн баг хамт олон, зөвлөхүүдэд талархал илэрхийлээд “НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төсөл манай улсад  2016 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн ажилтнуудын эрх зүйн үүрэг, хариуцлагыг хуульчилж, холбогдох арга хэмжээний  хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тухайлбал, “Жендэрийн талаар эрүүл мэндийн салбарт 2021-2024 онд баримтлах бодлогын баримт бичиг”-ийг баталсан, эрэгтэйчүүдийн кабинетын үйл ажиллагааг тогтмолжуулах, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор “Эрэгтэйчүүдийн кабинетын үлгэрчилсэн загвар, ажиллах журам”-ыг шинэчлэн, орон нутагт үйл ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч байна” гэсэн юм. 

Жендэрт суурилсан хүчирхийлэл нь дэлхий нийтийн нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал бөгөөд хүний эрхийн томоохон зөрчил гэж үздэг. Дэлхий дээр 15 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн гуравны нэг нь бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байгааг 2018 онд хийсэн судалгаа харуулдаг.  

Монгол Улсад 2017 онд хийсэн судалгаагаар хоёр эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа хүчирхийлэлд өртөж, сүүлийн 12 сард гурван эмэгтэй тутмын нэг нь дотны хамтрагчийнхаа хүчирхийлэлд өртөж байгааг тогтоосон байдаг бөгөөд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд жендэрт суурилсан хүчирхийллийг илрүүлэх, тохиолдлыг мэдээлэх, хүчирхийлэлд өртсөн иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг бусад салбарынхантай хамтран зохион байгуулж байгааг Эрүүл мэндийн сайд мөн онцлон дурдсан.  

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээний бэлэн байдал Монголд ямар байгааг үнэлэх судалгааны ажлын үр дүнгийн танилцуулгыг анагаах ухааны доктор Х.Энхжаргал, Я.Буянжаргал нар хийсэн.

Жендэрт  суурилсан хүчирхийлэл нь эмэгтэйчүүд, охидын эрүүл мэндэд хортой үр дагавартай, нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх асуудлын нэг бөгөөд хүчирхийлэлд өртөж хохирсон хүмүүс хамгийн түрүүнд эрүүл мэндийн байгууллагад ханддаг учраас энэ салбарын хариу арга хэмжээний бэлэн байдалд үнэлгээ хийх зайлшгүй шаардлага байсныг судлаачид ярьж байв. Түүнээс гадна жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээний өнөөгийн байдлын талаар нотолгоонд суурилсан мэдээлэл дутмаг тул нэн тэргүүнд бодлого, хууль эрх зүйн орчин хэр бүрдсэн, хохирогчдод эрүүл мэндийн тусламж  үйлчилгээ үзүүлэхэд бэлэн эсэх, тусламж үйлчилгээний санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэж байгаа, хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ойлголт хандлага зэрэг хэд хэдэн чиглэлд онцгой анхаарал хандуулан судалсан байна.

Эрүүл мэндийн салбар жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авахад эрхзүйн дэмжлэгт орчин бүрдсэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн хандлага эерэг, дийлэнх нь хохирогчийн орон зай, нууцлалыг хангах талаар зөв ойлголттой зэрэг сайн үр дүн байгаа хэдий ч цаашид жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг авах хариу арга хэмжээг улам сайжруулж тогтмолжуулах, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, нөөцийг бүрдүүлэх, байнгын бэлэн байдлыг хангахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын төлөвлөлт, үйл ажиллагаа, ажлын байрны чиг үүрэгт энэ талаар маш тодорхой тусган хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ байсаар байгааг онцгой анхаарч ажиллах нь зөв гэдэгт талууд санал нэгдлээ.